Иргэд эрүүл мэндийн даатгалаараа 20 орчим үйлчилгээг хөнгөлөлттэй авах эрхтэй

Иргэд эрүүл мэндийн даатгал төлснөөр ямар ямар тусламж, үйлчилгээ авах эрхтэй болдог талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ч.Хажидмаатай ярилцлаа.

-Иргэд эрүүл мэндийн даатгал төлснөөр ЭМДС-гаас ямар үйлчилгээ авах боломжтой байдаг вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас 10 гаруй нэр төрлийн үйлчилгээг санхүүжүүлдэг. Тухайлбал, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ үйлчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээ, оношлогоо шинжилгээ, уламжлалын эмчилгээ, сэргээн засах, тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, хорт хавдрын тусламж, үйлчилгээ, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт үзүүлдэг. Мөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, жирэмсэн болон төрсөн эхийн хавсарсан эмгэгийн эмчилгээ, эрт илрүүлэх үзлэг, оношилгооны төлбөрийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг.

Өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний 75 хувийн төлбөрийг ЭМДС-гаас, 25 хувийн төлбөрийг иргэнээс авдаг. Одоогоор улсын эмнэлэг буюу УНТЭ, УГТЭ, УХТЭ, Эх нялхас буюу ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Өргөө амаржих газарт иргэн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ авах тохиолдолд ЭМДС-гаас төлбөрийн зардлыг хөнгөлж байна.

Үүнээс гадна энэ онд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийхээр болсон. Тиймээс өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд шаардлагатай хэрэгслийг нийлүүлэх байгууллагыг шалгаруулах тендер зарласан байгаа. Тендер амжилттай болвол иргэд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хагалгаа хийлгэхэд ЭМДС-гаас төлбөрийн зардлын 75 хувийг хариуцахаар болсон. 

Мөн “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөр хүрээнд В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд 3500 төгрөг, баталгаажуулах шинжилгээ 5000-10000 төгрөг, С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээний нийт 160-200 мянган төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа. Энэ санхүүжилт нь даатгуулагчид үзүүлэх хоёр сая төгрөгийн хөнгөлөлтөнд хамаарахгүй. Элэгний эмийг хайрцаг тутамд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт олгож байгаа. Хэрвээ иргэн та элэгний B, C вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаад В вирус илрээгүй бол В вирусийн вакцинд хамрагдах хэрэгтэй. Вакцинд хамрагдсанаар В вирусийн халдвараас 90-100 хувь хамгаалах боломжтой.

-Эрүүл мэндийн даатгалаа өндөр төлж байгаа ч даатгалаа ашиглан эрүүл мэндийн байгууллагаас ямар нэг тусламж үйлчилгээ авдаггүй иргэд байдаг. Тэдгээр иргэд эрүүл мэндийн даатгалаа ашиглан өөр хаанаас ямар үйлчилгээ авах боломж байна вэ?

-Эрүүл мэндийн даатгуулагч нь өндөр шимтгэл төлөөд эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр гаргуулаагүй тохиолдол байдаг. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас фитнесс клубуудтай хамтарч ажиллахаар болсон. Одоогоор фитнесс клубуудыг магадлан итгэмжлэх, төлбөрийг ямар байдлаар хийх талаар журам хэлэлцэж байна. Магадлан итгэмжлэлээ авсан фитнесс клубүүдээс сонгон шалгаруулж, ЭМДС-гаас санхүүжилт олгох юм. Мөн 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх хэвийн хэвшлийн шүдний эмнэлгийн сонгон шалгаруулалт явагдаж байна. Энд 60 хүртэлх мянган төгрөгийн санхүүжилт олгох юм.

-Хэрвээ даатгуулагч тухайн жилдээ эрүүл мэндийн даатгалаа ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд гэр бүлийнхээ гишүүнд шилжүүлж болох уу?

-Даатгуулагч жилдээ хоёр сая төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Энэ хоёр сая төгрөг дууссан тохиолдолд гэр бүлийн гишүүн даатгуулагч шилжүүлэн тооцуулах журам байгаа. Хэрвээ даатгуулагч шилжүүлэх шаардлага гарвал нэг тохиолдлыг шилжүүлэх боломжтой. ЭМДС-гаас санхүүжүүлдэг 10 гаруй нэр төрлийн үйлчилгээнээс нэгийг нь сонгон даатгалаа шилжүүлэх боломжтой. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө бие даан төлж байгаа хүмүүс л даатгалаа шилжүүлж болно. Өндөр настанд зардлыг шилжүүлэх боломжгүй гэсэн үг.

-Ахмад настнууд даатгалаа ашиглан сувилалд амардаг. Үүнээс гадна бусад даатгуулагч гэсэн эрүүл даатгалаа ашиглан сувилалд амрах боломж бий юу?

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй рашаан сувилалд даатгуулагч 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Гэрээт сувиллын мэдээллийг  http://www.emd.gov.mn/ цахим хаягаас авч болно.

-Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй явж байгаа тохиолдолд яах вэ. Торгууль төлөх үү?

-Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу  торгууль эдлэхийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг.

Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийн зардлыг хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээнүүд:

Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ

-Төрийн өмчийн байгууллагад 300 мянган төгрөг

-Хувийн хэвшлийн байгууллагад 175 мянган төгрөг

Өдрийн эмчилгээ үйлчилгээ

-Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас нэг удаа тусламж үйлчилгээ авсан тохиолдолд 135 мянган төгрөг

Амбулаторийн тусламж, үйлчилгээ

-Төрийн өмчийн эмнэлэгт амбулаториор нэг удаа үзүүлэхэд 15-16.200 мянган төгрөг

Оношлогоо, шинжилгээ

-Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад сард 55 мянган төгрөг, улиралд 165 мянган төгрөг

Уламжлалт эмчилгээ

-Төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагад 117 мянган төгрөг

Сэргээн засах тусламж үйлчилгээ

-Төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагад 110 мянган төгрөг

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ 

-Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад  300 мянган төгрөг,

-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 175 мянган төгрөг

Хорт хавдрын зарим тусламж үйлчилгээ

-Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ тохиолдол бүрт 450 мянган төгрөг

-Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ нэг өдрийн 66 мянган төгрөг

-Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ тохиолдол бүрт 300 мянган төгрөг

Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ

-160 нэр төрлийн мэс заслын эмчилгээнд шаардлагатай 484 төрлийн өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэлд 500-33 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ.

Эмийн үнийн хөнгөлөлт

-Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай насанд хүрэгчдийн 170 гаруй ерөнхий нэршлийн 638 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувь, мөн хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

Мөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношлогоо, шинжилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээнд 20-30 мянган төгрөг

Жирэмсний 37 хоног хүртэл төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хавсарсан эмгэгийг оношийг бүлгийн дагуу ЭМДС-гаас зардлын 145-804 мянган төгрөгийн төлбөрийг хариуцна.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт