Хог хаягдалтай хамгийн сайн тэмцсэн дүүрэг
Сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийн хог хаягдал хөрс бохирдуулж, халдварт өвчин үүсэх гол хүчин зүйл болсоор иржээ. Хүн амын дунд тархаж буй нийт халдварт өвчний 20-30 хувь нь орчны бохирдолтой шууд хамааралтай байдаг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулдаг. Хог шороотой орчинд амьдардаг хүмүүсийн дийлэнх хувь нь бие бялдрын хөгжил дутуу, ямар нэгэн харшлын өвчтэй байх нь түгээмэл байдаг ч гэх нь бий. Энэ утгаараа дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага “Эко буюу Ногоон хөгжил”-ийг эрэлхийлэх болсон. Утаа, ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хог Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин бохирдох үндсэн шалтгаан юм. Тэгвэл Нийслэлийн есөн дүүргээс хог хаягдалтай хамгийн үр дүнтэй тэмцэж буй дүүрэг бол Хан-Уулынхан юм.“Хоггүй хороо”, “Хороо сайхан бол Хот сайхан”, “Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ”, “Хог хаягдлыг ангилан ялгах” аян гээд олон ажлыг 2017 онд ХУД-ийн ЗДТГ-аас зохион байгуулж, 225 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Эдгээр ажлын үр дүнд Хан-Уул дүүрэг хур хогноосоо салж чадсан байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд дээрх ажлууд хийгджээ. 1726 аж, ахуйн нэгж, 10 мянга 462 иргэн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Эко дүүрэг” зорилтыг дэмжиж хог хаягдлаас салах олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон байна. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн иргэдэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчилж, хогийг ангилан ялгахын ач холбогдлыг таниулах ажлыг хороо бүрт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Хог хаягдлыг түүгээд өнгөрөх бус иргэдийн ухамсарт нөлөөлөх алхмуудыг “Хоггүй хороо” аяны хүрээнд хийсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэр цэмцгэр байлгахад чухал нөлөө үзүүлжээ. Тоос шороогүй, хог хаягдалгүй цэвэр цэмцгэр орчныг бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 36,300 ширхэг мод тарьсан хэмээн албаныхан мэдээллээ. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нэг жилийн хугацаанд чамлахааргүй олон ажлыг хийсэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж 75 хувиар нэмэгдсэн бол зүлэгжүүлэлт 20 хувиар нэмэгдсэн, цэцэрлэгжүүлэлт 6,1 хувиар нэмэгдсэн сайхан мэдээ мэдээлэл байна.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт