Хан-Уул дүүрэгт шинээр 5 хороо нэмэгдэж 21 хороотой болох урьдчилсан төлөвлөгөөний саналыг ХУД-ийн ИТХ-ын V хуралдаанд танилцуулж, НИТХ-д уламжилахаар болов.
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын Нийгмийн бодлогын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд Нийгмийн бодлогын хорооны дарга Ц. Чинзоригт, гишүүд Б. Цэрэн, Г. Батсайхан, Ч. Бат-Оргил, Ч. Базарзаяа, О. Одончимэг, О.Анхбаяр, Г. Оюунтөмөр нар оролцож 70%-ийн ирцтэйгээр хуралдав. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б. Энхболд, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б. Лхагвабаатар болон 2, 3, 10, 11-р хороодын дарга нар оролцлоо. Хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас Төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор Хүн амын тоо, газар зүйн байршил, эдийн засгийн чадавхи, зам харилцааны нөхцөл зэргийг харгалзан дүүргийн 2, 3, 10, 11, 15 дугаар хороодыг өөрчлөх, шинэчлэн зохион байгуулах ажлын танилцуулгыг хийж, хороо тус бүрт 4 өрх тутамд 1 өрхөөс санал авах журмын дагуу айл өрхүүдээс санал авч гарын үсэг зурж дэмжсэн мэдээллийг өгсөн бөгөөд асуудлыг Нийгмийн бодлогын хорооны гишүүд хэлэлцэн хуралд ирсэн гишүүдийн 100% саналаар дэмжлээ. Ингэснээр Хан-Уул дүүрэгт шинээр 5 хороо нэмэгдэж 21 хороотой болох урьдчилсан төлөвлөгөөний саналыг Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын V хуралдаанд танилцуулж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжилахаар болов.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт